Amidral bodrol

Мэдэхэд илүүдэхгүй л юм байна.

13:08 , 2010-03-26 .. Бичигдсэн: Чөлөөт сэдэв .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Нацагийн Багабанди

Хүний гар харалгүй өөрийгөө л болгочих. Хүн бүхэн өөрийгөө болгочих хэмжээнд байх юм бол манай нийгэм тэр чигээрээ тэнүүн жаргалтай байх сан. Даанч тэжээдэг нь цөөрөөд, тэжээврүүд нь олширчихож. Хүн бүр өөрт ногдсон, хийх ёстой ажлаа бүр жинхэнэ эзний ёсоор, хэний ч шахалт шаардлагагүйгээр товхийтэл сайн хийчихдэг бол болж байгаа нь тэр. Заавал дарга даамал болж байж өөрийгөө аваад явчих хэмжээнд очдог юм биш. Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг, дарга цөөн байх тусмаа сайн.

Монгол орныг олон зууны туршид мал, малчин хоёр нь тэжээж, тэтгэж ирсэн гэж ярьдаг. Үүнтэй маргах «гоц ухаантан» байхгүй байх. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, ган гачиг, зуд турханыг сөрж, улс орныг нуруундаа үүрэх энэ хүнд хүчир ажлыг нугалж ирсэн баатарлаг гавьяаны эзэд нь борвио бохиртол ажилласан өндөр мэргэжлийн малчид. Саахалт шахам өвөлжиж, хаваржсан хоёр айлын нэг нь малынхаа талыг зуданд тавиад туучихаж байхад нөгөөх нь өнчин ишигний гарзгүй онд тарган орж байна. Өнчин ишигний гарз хохиролгүй өвөл, хаврыг давж байгаагийн учир шалтгааныг малд нүдтэй, малд хайртай, мал мэддэг, малаа болон өөрийгөө аваад явчих чадвартай сайн малчдын арга ухааны хүч гэж хашир өвгөчүүл тайлж тайлбарлаж байна. Их хохирол үзсэнийг нь мал маллах малчин ухаан дутсаных, өөрөөр хэлбэл мэргэжил дутсаных, мал аваад явах нь байтугай өөрийгөө аваад явчих чадваргүй хүмүүс олширсоных гэж тайлж тайлбарлаж байна. Байгалийн хахир хатуу хүчний өмнө хүн өчүүхэн жижиг өт хорхойноос өөрцгүй өрөвдөлтэй болохоор бүх бурууг ядарч зовсон тэдэнд бүхэлд нь тохоод яах ч юм билээ?

Хоёр гагнуурчин зэрэгцээд ган хоолой гагнаж байна. Нэгнийх нь, ус тавимагц гагнаасаар нь ус шүүрч, нөгөөгийнх нь ган хоолой цоорно уу гэхээс гагнаасаар ус дусна гэх ойлголт байхгүй сайн гагнажээ. Сайн гагнуурчины бүтээмж өндөр, цалин сайтай, хамт олондоо хүндлэгдэнэ, сэтгэл тэнүүн өөдрөг. Өөрийгөө өлхөн аваад явчихна. Гологдол гаргагчийн бүтээмж бага, цалин бага, удирдлагадаа байнга чичлүүлнэ, сэтгэл санааны мөнхийн дарамтанд, гутранги, дутуу гуцуу амьдарна. Малчин ч бай, ажилчин ч бай эрхэлж байгаа ажилдаа жинхэнэ ёсоор эзэн болж, сайн ажиллаж байж өөрийгөө аваад явчих хэмжээнд очдог байна. «Сайхан амьдрахын тулд сайн ажиллах хэрэгтэй, хөл дээрээ баттай зогсохын тулд ихийг мэдэх хэрэгтэй».

Өөрийгөө болгочих хэмжээнд хүрэхийн тулд үргэлж цуцалтгүй суралцах шаардлагатай. Сурсан бүхэн эрдэм, сураагүй бүхэн эндэл. Ямар ч зүйлийг хийгээд сурчихсан байхад илүүднэ, түвэг яршиг болно гэж байхгүй. Харин сураагүй бол хэрэгцээ гарсан хойно түүнийг хийгээд сурчих минь ч яалаа даа гэж хожимдсон гэмшлээр харамсдаг. «Хэдийчинээ ихийг мэднэ, төдийчинээ ихийг чадна». «Юу ч мэддэггүй, тэгээд бүр ямар нэгэн зүйлийг ч мэдэхийг оролддоггүй хүн тун ч өөдгүй байдаг. Магад, түүнд хоёр гажиг нэгдэн нийлсэн байна». Мэдлэгтэй бөгөөд шоргоолж шиг ажилсаг хүн ямагт дэвжин дээшилж, амжилт олдог.

Олон зүйлийн талаар бага зэрэг ч гэсэн мэдэж байвал сайн хэрэг. Гэхдээ өөрийнхөө талхыг олж өгч байгаа тэр зүйлийн талаар бүхнийг төгс сайн мэдэх хэрэгтэй. Аливаа ажлыг төгс сайн мэдэхгүйгээр төгс сайн хийнэ гэж байхгүй. Уйгагүй хичээн зүтгэж, бал цуглуулж байгаа зөгий мэт хөдөлмөрлөж, туршлага хуримтлуулах хэрэгтэй. «Мэдлэг бол өдөр тутмын туршлагын жижигхэн үртэснээс бүрэлддэг». «Туршлагаас өөр юу ч хүнийг тийнхүү сургадаггүй». Зөвхөн мэдэхийн тулд мэдлэгийн хойноос хөөцөлдөөд нэмэргүй. Олж авсан мэдлэг хүний хийж бүтээх зорилгод бүхэлдээ үйлчлэх ёстой. Мэдлэг хуримтлуулах нь бага хэрэг. Түүнийг аж амьдралдаа бүтээлчээр хэрэглэх хэрэгтэй. Амьдралд хэрэг болохгүй мэдлэг агуулахад зэвэрч муудан хэрэгцээгүй хадгалагдан хэвтэж байгаа сэлбэг хэрэгсэлээс ялгаагүй. Өөртөө ашиг болохооргүй олон зүйлийг сурснаас чамд ямагт хэрэг болох цөөн зүйлийг маш сайн хийж сурах нь илүү тустай.

Мэдэхгүй зүйлээ бусдаас нэрэлхэлгүй асуу. «Юу ч асуудаггүй хүн юу ч сурдаггүй» гэсэн үг бий. Сурснаараа нөхөртөө тусал. Сураагүйгээ бусдаас сур. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ. Өөрөө сайн хийчихэж чадахгүй бол бусдыг сайхан дуурай. «Явах зам чинь бүдэг байвал ухаалаг болгоомжтой хүмүүсийг дага. Эрт орой алин боловч тэд аятайхан гарц олчихно». Сайн хүмүүсийг дагахын зэрэгцээ өөрийн сайн мэдэх, сайн чадах бүхнээ хүмүүст хэлж зөвлөж, зааж сурган дагуул. Тэгэхдээ «аль тааламжтайг нь бус, аль чухлыг нь хүнд зөвлөж бай». Өөрийгөө болгочих хэмжээнд хүрэх тухайгаа байнга бод, үргэлж хүс. Бодож, хүсэхэд бас учир бий. «Бодлынхоо боол бололгүй бодож сур. Хүслийнхээ боол бололгүй хүсэж сур».

Нэгэн залуу офицер үргэлж л өрөөн дотроо нааш цааш холхиж «хэзээ ч юм, заавал хуурай замын цэргийн маршал болчихоод үзүүлээд өгнө дөө» гэж чанга дуугаар хэлдэг байсан гэнэ. Залуу офицерийн дийлдэшгүй мөрөөдөл, бодол хүсэл нь бодит биеллээ олжээ. Цэргийн даргын удирдлагын шатаар богино хугацаанд дэвшин, гавьяа байгуулж нэрээ дуурсган, удалгүй командлагч болсон байна. Хожим омголон залуу насны хүсэл бодол, мөнхийн мөрөөдөл нь биелж, хуурай замын цэргийн маршал болж дэвшин албаа нэр төртэй хааж, өөрийнх нь хэлдгээр «үзүүлээд өгсөн» гайхамшигт түүх бий. Залуус та нар энэ гялалзсан офицерийн адил мөрөөдлийнхөө хойноос зүтгэж байгаа бол ичих хэрэггүй. Бодол, хүслийнхээ боол бололгүй, бодит үйл хэрэг болгохоор тэмүүл.

Хүн бүрт эзэмшсэн мэргэжил, илүү сайн хийж чаддаг ажил, цаанаасаа зөвхөн өөрт нь заяасан мэт ажил төрөл гэж байдаг. Өөрийн дур сонирхолтой, сэтгэл зүрхээ бүрэн зориулах ажилдаа зүтгэж байгаа хүн өөртөө болон нийгэмд ашиг тустай хөдөлмөрлөнө. Ийм ажил эзэндээ хэмжээлшгүй баяр баясал, аз жаргалыг авчирдаг. Халуун тамын хаалга татаж байгаа юм шиг халирч зүрхшээн, ажлаа хараал зүхэл тавин эхэлдэг хүнийг амжилтын наран хэзээ ч гийгүүлэхгүй. Шүд нь байж суухын аргагүй өвдөөд эмчид очиж байгаа хүн шиг царайлан ажлын зүг алхаж яваа хүнээс ажилдаа зүрх сэтгэлээ зориулах эрч хүч яасан ч гарахгүй. Сэтгэл зүрхээ зориулаагүй ажлаас ямар ч хүн өөрийгөө болгочих хэмжээний хишиг хүртэж, аз жаргалыг амсахгүй. Ажил хөдөлмөр хийхгүй бол сайхан амьдралын тухай мөрөөдөл зэрэглээ мэт хоосон. «Алмайрч хэвтэхээс илүү аюултай дайсан байхгүй. Зүдэрч зүтгэхгүй бол жаргаж цэнгэхгүй». Ажилтай, анхиатай хүнийг л азын тэнгэр гийгүүлж байдаг юм. «Аз гэдэг богинохон, гэхдээ их байдаг. Гэвч азын тэнгэр ямагт нэг хүнийг ивээхээсээ залхчихдаг» тул ганцхан сохор азанд найдаж суухын хэрэг байхгүй. Амар хялбар ажлаар, амьдрал ахуйгаа болгочихно гэж бодож санасны гарз. Алхам тутамд хэцүү бэрхтэй учирч түүнийг зориг тэвчээр заан, шантаршгүй хичээл зүтгэлээр амжилттай даван туулж байж өөрийгөө болгочих хэмжээнд хүрч очно. Хэцүү бэрх байна гэдэг нь гэтэлшгүй, давагдашгүй гэсэн хэрэг огт биш. Уулын оргилд хүрэхийн тулд бэлээс нь өгсдөг шиг том зүйлд хүрэхийн тулд багаас нь эхлэх хэрэгтэй. Өөрийгөө болгочих зэргийн байхад овсгоо самбаа чинь тусална. Овсгоо самбаа муутай хүн бусдын дор орж нухлуулдаггүй юмаа гэхэд дээр гарч гялалзахгүй. Оготоны нүхээр ороод гарчих овсгоо сүүхэйтэй байдаггүй юмаа гэхэд өөрийгөө болгочих хэмжээний самбаатай байхаас аргагүй. Боломжийг олоод харчих билгийн нүд, сортоотой сонсчих соргог чих, юмны эвийг олчих гүйлгүү ухаан, цаг үе нөхцөл байдлаа мэдрэх мэдрэмж, эрсдэл хийх чадвар, энэ бүгд амьдралын алхам тутамд хэрэг болох хүн бүрт бурханы хүртээсэн хишиг. Гагцхүү, бэлэн заяасан эдгээр баялгаа нуун далдалж, гүн нойронд хав дарах биш, нээж ашиглах л хэрэгтэй. Нээж ашиглахгүй бол ашиглаж байгаа хүмүүсээс үргэлж сүүлдэж хоцрох болно.

Ямар ч нөхцөлд хүн ухаанд нь ухна ишиг үхсэн, санаанд нь сарлаг үхэр хэвтсэн мэт ухаан санаа дорой байж болохгүй, өөрийгөө болгочих ухаантай байх хэрэгтэй. «Ухаан дутсан газар бүх юм дутагддаг юм». Хүмүүст ухаан тэгш бус заяадаг нь үнэн. Сайн ухаан багатай байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ байгаа ухаанаа сайн ашиглах нь л юунаас илүү чухал. Бусдаас илүүрхэх ухаан байхгүй ч сайнд дөтлөн ойртож, муугаас дөлж холдох, аймшигаас сүрдэж аюулаас зайлах ухаан хүн бүрт бий. «Сайныг муугаас ялгаж чаддаг хүн бус, харин хоёр аюулын багад нь өртөж чаддаг хүн л ухаалаг байдаг». Тааламжгүй зүйлээс холхон байдаг хүн тааламжтай зүйлд ойрхон байдаг юм. Ер нь «ухаантай хүн тааламжтай зүйлийн хойноос биш, харин тааламжгүй зүйлээс салгаж өгөхийн хойноос хөөцөлддөг». Ухаалаг байхад өлсөнө гэж үгүй. «Ухаан – энэ бол цадталаа идэх талх». Ухаанаа зөв зүйлд зарахыг туйлаас эрхэмлэх хэрэгтэй, энэ нь хүн байгаагийн чинь нэг утга учир. Сайн зүйлд хаачсан нь мэдэгдэхгүй гүйдэггүй ухаан нь саар зүйлд хаанаас гараад ирэв гэмээр гүйлгүү болчихвол буруу замаар будаа тээж явна гэдгээ мэд. Хүн бүр өөрийгөө болгочихын төлөө сүүхээчлэн, ухаанаа дайчил.


Сэтгэгдэл үлдээх

01:48 , 2017-09-30 .. Бичсэн: Зочин
Тосол бичэх хүн байн


01:39 , 2017-09-30 .. Бичсэн: Зочин
Hi.

{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Чөлөөт сэдэв
Албан сэдэв
Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Төсөл бичих аргачлал
Мэдэхэд илүүдэхгүй л юм байна.
Төрсөн өдөр
Эрчүүдийн зүрх сэтгэлийг хэрхэн өөртөө татах вэ хэмээх 10 дүрэм
Анх удаагаа...
Amidral bodrol

Найзууд




:-)
 
xaax